Thursday, January 16, 2014

Сэтгэцийн эрүүл мэндийн тухай хууль

Нийтлэг үндэслэл

1 дүгээр зүйл. Хуулийн зорилт

1.1. Энэ хуулийн зорилт нь хүн амын сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалах, дэмжих, сэтгэцийн эмгэгээс урьдчилан сэргийлэх талаар  төрөөс баримтлах бодлого, зарчмыг тодорхойлох, сэтгэцийн өвчтэй буюу сэтгэцийн эрүүл мэндийн тулгамдсан асуудалтай хүн эмнэлэг, нийгэм, сэтгэл зүйн  тусламж авах нөхцөлийг хангахад аж ахуйн нэгж, байгууллага, иргэний хүлээх үүрэг, сэтгэцийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлдэг байгууллага, эмнэлгийн мэргэжилтний үйл ажиллагааны эрх зүйн үндсийг тогтоохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино.


2 дугаар зүйл. Сэтгэцийн эрүүл мэндийн тухай хууль тогтоомж

2.1. Сэтгэцийн эрүүл мэндийн тухай  хууль тогтоомж нь Үндсэн хууль1, Эрүүл мэндийн тухай хууль2, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

2.2. Монгол Улсын олон  улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

З дугаар зүйл. Хуулийн нэр томъёо

3.1. Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:

            3.1.1. "сэтгэцийн эрүүл байдал" гэж  хүн сэтгэцийн  өвчингүй байхын зэрэгцээ нийгэм болон хүрээлэн байгаа гадаад  орчинтойгоо  дасан зохицож хэвийн ажиллах,  амьдрах, суралцах, нийгэмд зохих байр сууриа эзлэн хувь нэмрээ оруулж чадах энх амгалан байдлыг;

            3.1.2. "сэтгэцийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал" гэж нийгэм, сэтгэл зүйн шалтгааны улмаас  хүний сэтгэхүй, сэтгэл хөдлөл,  зан үйл  түр хямарсан  байдлыг;

            3.1.3. "сэтгэцийн өвчин" гэж өвчний олон улсын ангиллын "сэтгэц, зан үйлийн эмгэгүүд" - бүлэгт  заасан оношлогооны хэмжүүрээр  оношлож болох бүх өвчнийг;

            3.1.4. "сэтгэцийн эрүүл мэндийг  дэмжих" гэж хүн өөрөө болон бусадтай хамтран сэтгэцийн эрүүл мэндээ хянах, сайжруулах боломж олгох эрүүл зан үйлийг дэмжихэд чиглэгдсэн арга хэмжээг;

            3.1.5. "сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалах"  гэж  хүн амд үзүүлэх сэтгэцийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг  зохион байгуулж сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалахад чиглэгдсэн анагаах ухаан, нийгэм, сэтгэл зүй, эдийн засгийн цогц арга хэмжээг;

            3.1.6. "сэтгэцийн  эмгэгийн анхдагч урьдчилан сэргийлэлт" гэж хүн амын дунд сэтгэцийн  өвчин, зан үйлийн эмгэг үүсэхээс сэргийлэхэд чиглэгдсэн иж бүрэн арга хэмжээг;

            3.1.7. "сэтгэцийн эмгэгийн хоёрдогч урьдчилан сэргийлэлт" гэж сэтгэцийн өвчин, зан үйлийн эмгэгийг эрүүл мэндийн анхан шатны тусламжийн түвшинд оношилж, эмчилж, хяналт тавих, сэргийлэх арга хэмжээг;

            3.1.8. "сэтгэцийн эмгэгийн гуравдагч урьдчилан сэргийлэлт" гэж  сэтгэцийн өвчин даамжран архагшиж  хүний хөдөлмөрийн чадварыг алдуулах, тахир дутуу болгохоос сэргийлэх зорилгоор хийгдэх эмнэлгийн төрөлжсөн, нарийн мэргэжлийн тусламжийн арга хэмжээг;

            3.1.9. "сэтгэц-нийгмийн нөхөн сэргээлт" гэж сэтгэцийн өвчний улмаас  хүний амьдрах ухаан, харилцаа, хөдөлмөрийн болон оюуны алдагдсан чадварыг нөхөн сэргээх,  сэтгэцийн  өвчтэй хүний  амьдралын чанарыг дээшлүүлэхэд чиглэгдсэн цогц  арга хэмжээг;

            3.1.10. "сэтгэцийн өвчтэй хүний нийгэмд аюултай үйлдэл" гэж сэтгэцийн өвчний улмаас  хүн өөрийгөө хянах чадваргүй болж, өөрийн буюу бусдын амь нас,  нийгэмд хор хохирол учруулахыг;

            3.1.11. "солиорол" гэж  хүний сэтгэх, сэтгэл хөдлөх, тогтоон санах, бусадтай харилцах болон бодит байдлыг ухаарах чадвар гүнзгий хямарч, хий үзэгдэл, гажуу тусгал, дэмийрэл, холбоогүй сэтгэхүй буюу үл ойлгогдох яриа, дошгирол, эсхүл хэвийн  бус төрх, зан үйлтэй болсны улмаас өөрийгөө зөв удирдаж чадахгүй болохыг.

4     дүгээр зүйл. Төрөөс сэтгэцийн эрүүл мэндийн талаар баримтлах
           бодлого, зарчим

            4.1. Төрөөс хүн  амын сэтгэцийн эрүүл мэндийн талаар баримтлах бодлого нь Эрүүл мэндийн тухай хуулийн 4.1 дэх хэсэгт заасан бодлогоор тодорхойлогдоно.
            4.2. Төрөөс хүн амын сэтгэцийн эрүүл мэндийн талаар баримтлах бодлогод дараахь үндсэн зарчмыг баримтална:

                        4.2.1. сэтгэцийн эрүүл мэндэд нөлөөлөх нийгэм, орчны  сөрөг хүчин зүйлээс урьдчилан сэргийлэхэд чиглэгдсэн анхдагч, хоёрдогч, гуравдагч арга хэмжээг цогцоор хэрэгжүүлэх;

                        4.2.2. хүн амын  сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалах, дэмжих үйл ажиллагаа нь хүмүүнлэг, энэрэнгүй ёс, шинжлэх ухааны мэдлэг, ололт, орчин үеийн болон уламжлалт анагаах ухааны аргад тулгуурлах;

                        4.2.3. сэтгэцийн эрүүл мэндийн бодлого, арга хэмжээг  төр, захиргаа, нутгийн өөрөө удирдах, эрүүл мэндийн болон бусад аж ахуйн нэгж, байгууллага, хамт олон, гэр бүл, иргэний нэгдмэл үйл ажиллагаагаар хэрэгжүүлэх.

ХОЁРДУГААР БҮЛЭГ

Сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалах, дэмжих талаархи
төрийн болон бусад аж ахуйн нэгж, байгууллага,
иргэний үүрэг

5     дугаар зүйл. Сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалах, дэмжих
                                   талаархи төрийн байгууллагын үүрэг

5.1. Хүн амын сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалах, дэмжих талаар төрийн байгууллага дараахь үүрэг хүлээнэ:

            5.1.1. сэтгэцийн  эрүүл мэндэд нөлөөлөх нийгэм, орчны сөрөг хүчин зүйлтэй тэмцэх, сэргийлэх иж бүрэн арга хэмжээг зохион байгуулах;

            5.1.2. хүн амын сэтгэцийн эрүүл мэндийг дэмжих, сэтгэцийн өвчлөлөөс сэргийлэхэд чиглэгдсэн сургалт, сурталчилгаа, судалгааны ажлыг зохион байгуулах;

            5.1.3. сэтгэцийн өвчтэй хүний хэрэгцээ, чадамжийг  харгалзан мэргэжлийн сургалтад хамруулах, хөдөлмөр эрхлэх боломжоор хангах зэрэг сэтгэц-нийгмийн нөхөн сэргээх арга хэмжээг эрүүл мэндийн байгууллагуудтай хамтран зохион байгуулж, тэдний бие даан амьдрах чадвар, нийгмийн амьдралд оролцох оролцоог нь дээшлүүлэх арга хэмжээ авах;

            5.1.4. хууль ёсны асран хамгаалагч нь тогтоогдоогүй, иргэний эрх зүйн эрхийн бүрэн чадамжгүй сэтгэцийн өвчтэй хүнийг асран халамжлах асуудлыг Гэр бүлийн тухай1 хуулийн 67.1.4-т заасны дагуу шийдвэрлэх үүргийг сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга хүлээх;

            5.1.5. эрхийн чадамжтай сэтгэцийн өвчтэй  хүнд түүний эдлэх эрхийн талаар танилцуулах;

            5.1.6. хууль тогтоомжид заасан бусад  үүрэг.

6     дугаар зүйл. Сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалах, дэмжих                                     
     талаархи аж ахуйн нэгж, байгууллага, иргэний үүрэг

6.1. Хүн амын сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалах, дэмжих талаар аж ахуйн нэгж, байгууллага дараахь үүрэг хүлээнэ:

                        6.1.1. хамт олныхоо сэтгэцийн эрүүл мэндийг дэмжихэд чиглэгдсэн арга хэмжээг  зохион байгуулж, тайван ажиллаж, амьдрах орчин бүрдүүлэх, энэ чиглэлээр бусад байгууллагаас зохиох нийтийг хамарсан үйл ажиллагаанд идэвхтэй оролцох, дэмжлэг, туслалцаа үзүүлэх;

                        6.1.2. иргэний эрх зүйн эрхийн бүрэн чадамжгүй сэтгэцийн өвчтэй хүний хууль ёсны төлөөлөгчид  дэмжлэг туслалцаа үзүүлэх ажлыг зохион байгуулах.

            6.2. Сэтгэцийн эрүүл мэндийг дэмжих талаар Монгол Улсын иргэн дараахь үүрэг хүлээнэ:

                        6.2.1. өөрийн болон бусдын сэтгэцийн эрүүл мэндийг эрхэмлэн үзэж ажиллаж, суралцаж, амьдарч байгаа орчиндоо тайван,тухтай нөхцөлийг бүрдүүлэх;

                        6.2.2. сэтгэцийн өвчтэй хүнийг ялгаварлах, гадуурхан доромжлохыг цээрлэх;

                        6.2.3. сэтгэцийн өвчтэй хүний бие даан амьдрах, нийгмийн амьдралд оролцоход нь дэмжлэг,  туслалцаа үзүүлэх.

ГУРАВДУГААР БҮЛЭГ

Сэтгэцийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх
мэргэжлийн байгууллагын үүрэг, бүтэц, удирдлага,
санхүүжилт

7     дугаар зүйл. Сэтгэцийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ
        үзүүлэх мэргэжлийн байгууллагын бүтэц,
                                удирдлага

            7.1. Сэтгэцийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ нь дор дурдсан төрөлтэй байна:
7.1.1. эрүүл мэндийн анхан шатны тусламжийн ;
7.1.2. нийгэм хамт олонд тулгуурласан  эмчилгээ, үйлчилгээний;
7.1.3. стационарын;
7.1.4. асрамжийн;
7.1.5. сэтгэц-нийгмийн нөхөн сэргээлтийн.

            7.2. Сэтгэцийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг зохих шатлалын дагуу сум, өрхийн эмнэлэг, аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлэг, эрүүл мэндийн төв, сэтгэцийн нарийн мэргэжлийн эмнэлэг, төв болон Эрүүл мэндийн тухай хуулийн дагуу мэргэжлийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл авсан Төрийн болон холимог, хувийн өмчийн байгууллага үзүүлнэ.

            7.3. Сэтгэцийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх мэргэжлийн байгууллагын бүтцийг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тогтоож, удирдлагыг томилно.
           
8     дугаар зүйл. Сэтгэцийн эрүүл мэндийн тусламж,
                                        үйлчилгээний санхүүжилт

8.1. Сэтгэцийн  эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний санхүүжилт нь улсын төсөв, эрүүл мэндийн даатгал, аж ахуйн нэгж, байгууллага, төрийн бус байгууллага, иргэний хандив, зарим төрлийн төлбөртэй үйлчилгээ, зээл тусламж, хууль тогтоомжоор хориглоогүй бусад эх үүсвэрээс бүрдэнэ.
/Энэ хэсэгт 2003 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

8.2. Төлбөртэй үйлчилгээний төрөл, төлбөрийн жишгийг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тогтооно. 

9     дүгээр зүйл. Сэтгэцийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ
                                                үзүүлэх байгууллага, эмнэлгийн
                                                            мэргэжилтний үүрэг

9.1. Хүн амд сэтгэцийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх эрүүл мэндийн байгууллага, эмнэлгийн мэргэжилтэн дор дурдсан үүрэг хүлээнэ:

            9.1.1. сэтгэцийн өвчтэй хүнийг эмчлэхдээ хийх гэж байгаа эмчилгээ,  шинжилгээний зорилго,  арга, хугацаа, ач холбогдол, гарч болзошгүй гаж нөлөөний талаар урьдчилан мэдээлж өөрөөс нь бичгээр,  хэрэв тухайн өвчтөн зөвшөөрөл өгөх чадамжгүй, эсхүл 18 насанд хүрээгүй бол түүний хууль  ёсны төлөөлөгчийн нь зөвшөөрлийг авах;

            9.1.2. сэтгэцийн өвчтэй хүн, түүний хууль ёсны төлөөлөгч нь эмчилгээ, шинжилгээ хийлгэхээс татгалзсан тохиолдолд эмчилгээ, шинжилгээг хийлгээгүй буюу тэдгээрийг  зогсоосноос  гарч болзошгүй үр дагаварыг танилцуулах;

            9.1.3. сэтгэц, зан үйлийн өвчин эмгэгийн оношлогоонд тухайн үед баримталж байгаа өвчний олон улсын ангилалд заасан шалгуурыг хэрэглэх;

            9.1.4. сэтгэцийн өвчтэй хүнийг сэтгэц нөлөөт эмээр эмчлэхдээ эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталсан зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтыг мөрдөнө;

            9.1.5. эмчлүүлэгчээс, эсхүл түүний хууль ёсны төлөөлөгчөөс эмчилгээ, үйлчилгээний  чанарын талаар үнэлгээ авч байх;

            9.1.6. эмнэлэгт эмчлэгдээд  гарсан сэтгэцийн өвчтэй хүнд хийх  сэтгэц-нийгмийн нөхөн сэргээх арга хэмжээг холбогдох байгууллага, гэр бүлийн гишүүн, иргэнтэй хамтран зохион байгуулах;
            9.1.7. хуулиар зөвшөөрснөөс бусад тохиолдолд аливаа хүний сэтгэцийн өвчтэй эсэхийг тодорхойлуулахыг тулган шаардахгүй байх.

9.2. Сэтгэцийн өвчтэй хүний эмчилгээ, үйлчилгээ, түүнд хяналт тавих журам, хугацааг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална.

ДӨРӨВДҮГЭЭР  БҮЛЭГ

Сэтгэцийн өвчтэй хүний эдлэх эрх, түүний хууль
ёсны төлөөлөгчийн хүлээх үүрэг

10  дугаар зүйл. Сэтгэцийн өвчтэй хүний эдлэх эрх

10.1.     Сэтгэцийн өвчтэй хүн эрүүл мэндээ хамгаалуулах талаар дараахь эрх эдэлнэ:

            10.1.1. эрүүл мэндийн болон эмнэлгийн шаардлагатай үйлчилгээ авах, асран  халамжлуулах;

            10.1.2. өөрийн эрүүл мэндийн тухай  мэдээллийг эмч, эрүүл мэндийн байгууллагаас авах;

            10.1.3. эрхийн чадамжтай сэтгэцийн өвчтэй хүн эмчилгээ, шинжилгээ хийлгэхээс татгалзах;

            10.1.4. эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагаа, эмчилгээ, шинжилгээний талаар санал өгөх;

            10.1.5. эмчилгээ, шинжилгээний үеэр хууль ёсны төлөөлөгчөө байлцуулах тухай хүсэлт тавих.

10.2. Эрхийн чадамжтай  сэтгэцийн өвчтэй хүн  иргэний, улс төрийн, эдийн засгийн, нийгмийн, соёлын бүх эрхийг эдэлнэ.

11  дүгээр зүйл. Сэтгэцийн өвчтэй хүний хууль ёсны
                                        төлөөлөгчийн  хүлээх үүрэг

11.1. Сэтгэцийн өвчтэй хүний хууль ёсны төлөөлөгч нь дараахь  үүрэг хүлээнэ:

                        11.1.1. сэтгэцийн өвчтэй хүний эрхийг хамгаалуулах талаар хууль тогтоомжид заасан эрх хэмжээнийхээ хүрээнд  холбогдох байгууллага, албан тушаалтанд шаардлага тавих;

            11.1.2. сэтгэцийн өвчтэй хүнийг эмнэлэгт хэвтүүлж эмчлүүлэх болон өвөрмөц эмчилгээ, шинжилгээ хийлгэхэд нь бичгээр зөвшөөрөл ,  үнэлгээ өгөх;

              11.1.3. хууль тогтоомжид заасан бусад  үүрэг.

ТАВДУГААР БҮЛЭГ

Сэтгэцийн өвчтэй хүнийг эмнэлэгт албадан эмчлэх,
аюулгүй байдлыг хангах, түүнд үзүүлэх
нийгмийн халамжийн туслалцаа

12  дугаар зүйл. Сэтгэцийн өвчтэй хүнийг эмнэлэгт 
                                                албадан эмчлэх

12.1. Сэтгэцийн өвчтэй хүнийг дараахь тохиолдолд албадан эмчилнэ:

            12.1.1. сэтгэцийн өвчтэй хүн эмчлүүлэхээс татгалзаж нийгэмд аюултай үйлдэл хийхийг завдаж  байгаа тохиолдолд урьдчилан сэргийлэх зорилгоор;

            12.1.2. сэтгэцийн өвчтэй хүн өөрөө болон түүний хууль ёсны төлөөлөгч нь эмчилгээ, шинжилгээний талаар зөвшөөрөл өгөх боломжгүй бөгөөд хийх гэж байгаа эмчилгээ, шинжилгээ нь өвчтөний эрүүл мэнд, сэтгэцийн байдалтай тохирч байгааг эмнэлгийн эрх бүхий мэргэжилтэн нотолж байгаа.

12.2. Сэтгэцийн өвчтэй  хүнийг эмнэлэгт албадан эмчлэхдээ эрх бүхий мэргэжлийн эмчийн магадлагааг үндэслэнэ.

12.3. Эмнэлэгт албадан эмчлүүлсэн, нийгэмд аюултай үйлдэл хийж болзошгүй сэтгэцийн өвчтэй хүний сэтгэцийн  байдал нь албадан эмчлүүлэх заалттай тохирч байгаа эсэхийг түүнийг эмнэлэгт хэвтсэнээс хойш 72 цагийн дотор тусгай комисс магадлан тогтооно. Магадлан тогтоох комиссын бүрэлдэхүүн, үйл ажиллагааны журмыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална.

12.4. Албадан эмчлэх шаардлагатай сэтгэцийн өвчний жагсаалтыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв  байгууллага батална.

13  дугаар зүйл. Сэтгэцийн  өвчтэй  хүний аюулгүй
                                   байдлыг хангах

13.1. Нийгэмд  аюултай үйлдэл хийж болзошгүй сэтгэцийн өвчтэй хүнд шаардлагатай тохиолдолд олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрсөн тусгаарлах болон номхотгох аргыг хэрэглэнэ. Тусгаарлах болон номхотгох аргын жагсаалт, тэдгээрийг хэрэглэх журмыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална.

13.2. Нийгэмд аюултай үйлдэл хийж болзошгүй сэтгэцийн өвчтэй хүн эмнэлгээс оргосон тохиолдолд түүнийг эрж олох, эмнэлэгт хүргэх ажилд цагдаагийн байгууллага болон иргэдийн туслалцаа авч болно.

14  дүгээр зүйл. Сэтгэцийн өвчтэй хүнд үзүүлэх нийгмийн
                                     халамжийн туслалцаа

14.1. Мэргэжлийн байгууллагын тодорхойлолтыг үндэслэн сэтгэцийн өвчтэй хүнд нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох, асрамж, үйлчилгээнд хамруулах асуудлыг эрх бүхий байгууллага холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ.

ЗУРГАДУГААР БҮЛЭГ

Бусад зүйл

15  дугаар зүйл. Сэтгэцийн эрүүл мэндийн тухай хууль
                                    тогтоомж зөрчигчид хүлээлгэх
                                                            хариуцлага

15.1. Сэтгэцийн эрүүл мэндийн тухай хууль тогтоомж зөрчсөн  этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол шүүгч, эрх бүхий улсын байцаагч дараахь шийтгэлийг ногдуулна:

            15.1.1. энэ хуулийн 9.1.1; 9.1.2; 9.1.5; 9.1.6; 13.1-ыг зөрчсөн эмнэлгийн мэргэжилтнийг 15000-30000, албан тушаалтныг 30000-60000 төгрөгөөр торгох;

                        15.1.2. энэ хуулийн 5 дугаар зүйл, 6.1-ийг зөрчсөн албан тушаалтныг 30000-50000, аж ахуйн нэгж, байгууллагыг 100000-250000 төгрөгөөр торгох;

                        15.1.3. энэ хуулийн 6.2.2-г зөрчсөн иргэнийг 20000-30000 төгрөгөөр торгох;

15.2. Энэ хуулийн 9.1.3; 9.1.4; 9.1.7; 12.2; 12.3-ийг зөрчсөн эмнэлгийн мэргэжилтний эмчлэх, сувилах, эм барих үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг шүүгч  6 сар хүртэл хугацаагаар хасна.

16  дугаар зүйл. Хууль хүчин төгөлдөр болох

16.1. Энэ хуулийг 2000 оны 6 дугаар сарын 1 ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

No comments:

Post a Comment

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.

СЭТГЭЦИЙН ЭРҮҮЛ МЭНД СУДЛААЧ ОЮУТНЫ КЛУБ MHSC

Tab 1 Tab 2 Tab 3
Blogger is a blog-publishing service that allows private or multi-user blogs with time-stamped entries. It was developed by Pyra Labs, which was bought by Google in 2003. Generally, the blogs are hosted by Google at a subdomain of blogspot.com.

Thanks!
Lorem Ipsum is simply dummy text of the printing and typesetting industry. Lorem Ipsum has been the industry's standard dummy text ever since the 1500s, when an unknown printer took a galley of type and scrambled it to make a type specimen book. It has survived not only five centuries, but also the leap into electronic typesetting, remaining essentially unchanged.
Starting in February 2013 Blogger began integrating user blogs with multiple country specific URL addresses i.e. exampleuserblogname.blogspot.com would be automatically redirected to exampleuserblogname.blogspot.ca in Canada, exampleuserblogname.blogspot.co.uk in the United Kingdom etc.